Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм
Эрүүл мэндийн сайдын 2019 оны
09 сарын 04-ний өдрийн А/406 дугаар
тушаалын нэгдүгээр хавсралт
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаандаа баримтлах харилцаа, хандлага, ёс суртахууны хэм хэмжээг энэхүү “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм” /цаашид ёс зүйн дүрэм гэх/-ээр зохицуулна.
1.2.Ёс зүйн дүрэм нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хууль болон Монгол улсын хүлээн зөвшөөрч нэгдсэн хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын эрх зүйн баримт бичгийн заалт, тогтоомжийн хэм хэмжээгээр тодорхойлогдоно.
1.3.Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, тэдгээрийн дэргэд ажиллаж буй ёс зүйн хороо, баг нь энэхүү дүрмийг сурталчлан мөрдүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавьж, эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага тооцож ажиллана.
Хоёр. Хамрах хүрээ
2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан энэхүү ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллана.
2.2.Ёс зүйн дүрмэнд нийцүүлэн анагаах ухаан, эмнэлгийн мэргэжлийнонцлог, ажлын нөхцөл байдалд нийцүүлэн ёс зүйн нэмэлт хэм хэмжээг тухайн мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн нийгэмлэгболовсруулан, эрүүл мэндийн байгууллага Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулан мөрдөж болно.
Гурав. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн тулгуур зарчим
3.1.Эмнэлгийн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа дор дурдсан ёс зүйн тулгуур зарчмыг баримтална:
3.1.1 Хүнлэг, энэрэнгүй байх;
3.1.2. Хүндэтгэлтэй хандах;
3.1.3. Чин үнэнч, шударга байх;
3.1.4. Хүн бүрт тэгш хандаж, үл ялгаварлах;
3.1.5. Хариуцлагатай байх, боловсорч хөгжих.
3.2. Хүнлэг энэрэнгүй байх зарчмын хүрээнд:Хүний эрүүл мэнд, сайн сайхны төлөө анхаарал тавих, хүн бүрийг энэрэн хайрлах, асрах, тусалж дэмжих;
3.3. Хүндэтгэлтэй хандах зарчмын хүрээнд: Хүний язгуур эрхийг хүндэтгэн хамгаалах, сонсох, өөрийн бодол санааг зөв ойлгуулах, хүлээцтэй харилцах, эелдэг, даруу төлөв байх, нууцыг хадгалах;
3.4 Чин үнэнч, шударга байх зарчмын хүрээнд: Хууль ёсыг чандлан сахиж, дүрэм, журмыг биелүүлж, төвшин шударга, эв нэгдэлтэй байх;
3.5. Хүн бүрт тэгш хандаж, үл ялгаварлах зарчмын хүрээнд: Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй, үйлчлүүлэгч бүрт адил тэгш хандах;
3.6. Хариуцлагатай байх, боловсорч хөгжих хүрээнд: Хөдөлмөрч, хичээнгүй, даруу төлөв, нямбай, мэргэжлийн ур чадвартай байх, насан туршдаа сурч боловсорч, мэдлэг, мэргэжлээ байнга дээшлүүлэх;
Дөрөв. Эмнэлгийн мэргэжилтний баримтлах
ёс зүйн түгээмэл хэм хэмжээ
4.1.Эмнэлгийн мэргэжилтэн нь шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан хүний амь нас, эрүүл мэндийн төлөө мэдлэг, ур чадвар, туршлага, энэрэх сэтгэлээ зориулан ажиллах;
4.2.Эмнэлгийн мэргэжилтэн нь аливаа дүгнэлт, шийдвэрийг бодит байдалд тулгуурлан үнэн зөв гаргах;
4.3.Мэдлэг, ур чадвараа хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх;
4.4.Мэргэжил, мэргэшсэн давуу байдлаа ашиглан эмнэлгийн тусламж,үйлчилгээ үзүүлэхээс татгалзахгүй, саад тотгор учруулахгүй байх;
4.5.Өвчний түүх болон үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой бичиг баримтыгүйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах буюу ашиглуулахгүй байх;
4.6.Үйлчлүүлэгчид урьдчилан мэдээлж, зөвшөөрөл авалгүйгээр төлөвлөгөөт мэс заслын явцад эмчийг солихгүй байх;
4.7.Яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд эмчлэгч эмчийнх ньзөвшөөрөлгүйгээр өөр эмч үзлэг хийх, эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зааварчилгаа өгөхгүй байх;
4.8.Үйлчлүүлэгч мэс засал хийлгэсэн, эсвэл эмнэлэгт нас барсантохиолдолдөөрийнх нь болон асран хамгаалагчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр эс, эд эрхтнийг нь авах, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй, ийм үйл ажиллагаанд оролцохгүй, энэ талаар зааварчилгаа өгөхгүй байх;
4.9.Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад ашиг сонирхлын үүднээс төлбөр авах, өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах, санал болгох, эмчээ сонгоход нөлөөлөхгүй, шаардлагагүй тусламж үйлчилгээг зааварчлах, үзүүлэхгүй байх;
4.10.Үйлчлүүлэгчийг илт төөрөгдүүлж, худал ташаа мэдээлэл бүхийсурталчилгаа явуулахгүй байх, аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохгүй байх;
4.11.Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, эмнэлгийн хэрэгсэл,биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмчилгээ, оношилгоонд хэрэглэх, санал болгох, дэмжиж сурталчлах, зарж борлуулахгүй байх;
4.12.Эм, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллагаас өөрийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор санал болгож буй бэлэг, аялал, гадаад сургалт, хандив, урамшуулал зэрэг санхүүгийн дэмжлэгийг нийгэмлэг, холбоодын чиглэлээс өөр албан ажил гүйцэтгэж байхдаа авахаас татгалзана.
4.13.Үйлчлүүлэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр анагаахын болон шинжлэх ухааны туршилтанд оруулахгүй байх;
4.14.Эмнэлгийн мэргэжилтэн нь өвчний түүх, карт, эрүүл мэнд, эмчилгээ,үйлчилгээний талаарх тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх, эсвэл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах, үйлчлүүлэгчийн эрүүл мэндтэй холбоотой бичиг баримтыг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас солихгүй байх;
4.15.Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээтөлөө үйлчлүүлэгчээс авлига, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх;
4.16. Албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлига, ашиг сонирхлынзөрчлийн талаарх мэдээллийг нэн даруй өөрийн шууд удирдлага болон Авлигатай тэмцэх газар мэдээлэх ба удирдах, шийдвэр гаргах түвшний албан тушаалтантай холбоотой бол Авлигатай тэмцэх газарт шууд мэдэгдэх;
4.17.Эрүүл мэндийн ажилтан нь дараах ажил, албан тушаалаас өөр ажилдавхар эрхлэхийг хориглоно:
4.17.1. багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил;
4.17.2. хууль тогтоомж, олон улсын гэрээгээр болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн ажил;
4.17.3. ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албантушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг гүйцэтгэж болно.
4.18 Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг зөвшөөрөл авалгүйгээр өөр нэгж, байршилд ашиглах, хувьдаа болон хувийн эмнэлэгт ашиглахгүй байх.
Тав. Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчтэй
харилцах хэм хэмжээ
5.1. Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчийн хоорондын харилцаанд итгэлцлэл, хүндэтгэлийг эрхэмлэнэ.
5.2. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эрүүл мэндийн байгууллага, эмчээ сонгох эрхээ эдэлж, сонголт хийхийг хүндэтгэн үзнэ.
5.3. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээг хөндлөнгийн саадгүй орчинд үзүүлнэ.
5.4. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн өвчний онош, тавилан, шалтгаан, оношилгоо, эмчилгээний арга, үр дүн, эрсдэл, хүндрэл, өөрийн болон тухайн байгууллагын бодит чадавхи, өөр бусад боломжит хувилбарын талаар болон бусад шаардлагатай үнэн зөв мэдээллийг үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-д энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлан, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ.
5.5. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн биеийн байдлыг сайжруулах, сэтгэл санааны дэм үзүүлэх, зовлон зүдгүүрийг багасгах, хөнгөвчлөх, аливаа нэмэлт зовиур шаналгаа үүсгэхгүй, оновчтой тусламж, үйлчилгээ үзүүлэхийг хичээж ажиллана.
5.6.Эмнэлгийн мэргэжилтэн нь тусламж үйлчилгээ үзүүлэхдээ яаралтай тусламжаас бусад тохиолдолд цаг товлол, ирсэн дарааллаар үйлчлэх буюу тэгш байдлыг хангасан зарчмыг баримтална.
5.7.Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн өмнө Үйлчлүүлэгчээс дараах тохиолдолд зөвшөөрсөн, эсхүл татгалзсаныг бичгээр авна:
5.7.1.Эмнэлэгт хэвтэх, эмчилгээ, оношилгоо хийлгэх, тусламж авахаас үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч) татгалзсан;
5.7.2. Амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх;
5.7.3.Мэс ажилбар, мэс засал хийх тохиолдол бүрт (гоо сайхны мэс ажилбар, мэс засал хамаарна);
5.8.Хэрэв үйлчлүүлэгч насанд хүрээгүй буюу эрхзүйн чадамжгүй бол зөвшөөрлийг түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асранхамгаалагч, харгалзан дэмжигч)-өөс бичгээр авна.
5.9.Эмнэлгийн мэргэжилтэн нь дараах тохиолдолд үйлчлүүлэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн зөвшөөрөлгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар шийдвэр гаргаж болно:
5.9.1.Үйлчлүүлэгч сэтгэцийн хүнд эмгэгийн улмаас зөвшөөрөл өгөх чадваргүй үед яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх нь ноцтой үр дагаварт хүргэх нь илэрхий үед;
5.9.2. Өвчний талаарх мэдээлэл нь үйлчлүүлэгчид сэтгэлзүйн хүнд цохилт өгөх, түүнээс үүдсэн ноцтой үр дагавар учруулах эрсдэлтэй үед;
5.10. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчтэй холбоотой мэдээллийн нууцыг “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн 6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд түүний нууцыг нас барсных нь дараа ч чандлан хадгална.
5.11. Зайлшгүй шаардлагаар өөрийн хувийн өмчийн эсвэл үйл ажиллагааны ашгаас нь хувь хүртдэг эмнэлгийн байгууллагадаа үйлчлүүлэгчийг илгээх бол энэ тухай үйлчлүүлэгчид мэдээлэхийн зэрэгцээ ижил төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бусад мэргэжилтэн, байгууллагын талаар бүрэн мэдээлэл өгнө.
5.12.Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал эрс муудсан буюу үйлчлүүлэгч нас барсан тохиолдолд энэ тухай түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-д үнэн бодитоор мэдээлэх үүргийг зөвхөн эмч хүлээнэ.
5.13.Эмнэлгийн мэргэжилтэн нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрүүдэн шүүх, тарчлаан зовоох, харгис хэрцгий харилцах, нэр төрийг нь доромжлох, басамжлах аливаа хэлбэрийг нуун дарагдуулахгүй ба өөрөө оролцохгүй.
5.14. Амьдралын төгсгөлийн шатанд орсон буюу эдгэрэшгүй, тавилан тодорхойгүй өвчтэй үйлчлүүлэгчийн хувьд сэтгэлзүйн байдлаас нь хамаарч мэдээллийг хэдийд, ямар байдлаар бүрэн өгөхийг эмч шийдвэрлэнэ.
5.15.Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид хүчирхийллийн (биемахбодийн, бэлгийн, сэтгэл санааны гэх мэт) шинж тэмдэг байгаа эсэхийг байнга анхаарч, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлж, давтагдахаас урьдчилан сэргийлж ажиллана.
5.16. Үйлчлүүлэгч эмнэлгийн мэргэжилтэнд хүндэтгэлгүй хандах, ёс бусаар харилцах зэрэг шалтгааны улмаас мэргэжлийн үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй байдал үүсвэл тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүүлэхээс татгалзаж болно. Энэ тухайгаа эмнэлгийн мэргэжилтэн өөрийн байгууллагын удирдлагад бичгээр мэдэгдэх бөгөөд дараагийн эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээг бүрэн хариуцан авах хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлнэ.
Зургаа. Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын
ёс зүйн хэм хэмжээ
6.1.Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцаа нь нэг нэгнийгээ харилцан хүндэтгэсэн, дэмжсэн, үйлчлүүлэгчийн эрх ашигт нийцсэн шударга, хамтын ажиллагааны зарчимд үндэслэнэ.
6.2.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмж үр дүнг сайжруулах, анагаах ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр тэгш байдлыг ханган мэргэжил нэгт нөхөдтэйгээ чөлөөт, шударгаар хамтран ажиллана.
6.3.Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцдаа өөрийн санаачилгаар эсхүл үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг,эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн хүсэлтээр бусад эмчийн зөвлөгөө, тусламжийг авч багаар ажиллаж болно.
6.4.Үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээний талаар шийдвэр гаргах үйл явцад эмч нарын хооронд санал зөрөөтэй байдал үүсвэл эмчнарын зөвлөгөөний шийдвэрийг дагана.
6.5.Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчийн талаарх мэдээллийг дараах эмнэлгийн мэргэжилтэнд саадгүй өгч болох ба үүний тулд үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-өөс зөвшөөрөл авах шаардлагагүй:
6.5.1 өөрийг нь шууд удирдан ажилладаг эмнэлгийн мэргэжилтэн;
6.5.2 зөвлөх мэргэжилтэн;
6.5.3 тухайн үйлчлүүлэгчийн эмчилгээний асуудлыг шийдэхэд шууд оролцож буй эмнэлгийн мэргэжилтэн;
6.5.4.хуулиар олгогдсон эрх бүхий бусад хүн.
6.6.Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандартад нийцээгүй үйлчилгээ, үйлдлийг эмчийн зааврын дагуу гүйцэтгэхээс татгалзах эрхтэй ба хэрэв ийм үйлчилгээ, үйлдэл хийхийг шаардсан, зааварласан тохиолдолд шууд харъяалах удирдах албан тушаалтанд мэдэгдэнэ.
Долоо. Эмнэлгийн мэргэжилтэн нийгэмтэй харилцах хэм хэмжээ
7.1. Эмнэлгийн мэргэжилтэн нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгүүдийн заалтыг хэрэгжүүлж, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах талаар төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэдтэй хамтран ажиллана.
7.2. Эмнэлгийн мэргэжилтэн нь олон улсын болон халамж, буяны байгууллага, төрийн бус байгууллага, иргэдээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зориулан өгсөн тусламжийг зориулалтаар нь ашиглана.
7.3. Эмнэлгийн мэргэжилтэн нь өөрийн үйл ажиллагааг сурталчилж болно. Сурталчилгаа нь зөвхөн эмнэлгийн мэргэжилтний мэргэжил, эзэмшсэн сургууль, зэрэг цол, ажлын дадлага туршлага, үйл ажиллагаа явуулдаг байршил, тусламж, үйлчилгээ үзүүлэх хуваарьтай холбоотой үнэн зөв мэдээллийг агуулах ба, мэргэжлийн нэр томьёо хэрэглэхгүй энгийн ойлгомжтой үг хэллэг хэрэглэнэ.
7.4. Эмнэлгийн мэргэжилтэн нь эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүний болон оношилгоо, эмчилгээний аргатай холбоотой ташаа, бүрэн бус, ойлгомжгүй, шинжлэх ухааны үндэслэлгүй, хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, удирдамжид нийцээгүй мэдээлэл бүхий сурталчилгааны талаар холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.
7.5. Эмнэлгийн мэргэжилтэн нь олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулж буй тохиолдолд холбогдох байгууллагаас баталсан стандарт, удирдамжид нийцсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоотой мэдээллийг ойлгомжтой энгийн үгээр тайлбарлана.
7.6 Эмнэлгийн мэргэжилтэн нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийтээр жагсаал, цуглаанд оролцох тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг алдагдуулахгүй байх үүрэгтэй.
7.7. Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй харилцахдаа дараах горимыг баримтална:
7.7.1. Байгууллагын болон үйлчлүүлэгчийн нууцад хамаарахаас бусад
эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийтэд нээлттэй, шуурхай, үнэн зөв, бодитой хүргэх үүргийг байгууллагын хэвлэлийн ажил хариуцсан ажилтан эсхүлэрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлнэ. Байгууллагын эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлийн үндсэн дээр тухайн тусламж үйлчилгээг үзүүлсэн эмнэлгийн мэргэжилтэн энэхүү үүргийг хэрэгжүүлж болно.
7.7.2. Төрөлжсөн, мэргэшсэн тусламж, үйлчилгээ, өвчний талаар мэргэжлийн эмч, эмчлэгч эмч мэдээлэл өгнө.
7.7.3. Эмнэлгийн мэргэжилтэн нь олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан байгууллагын үйл ажиллагаатай холбоогүй, зөвхөн өөрийн мэргэшлийн дагуу зөвлөгөө өгч болох бөгөөд оношилгоо, эмчилгээний арга болон тодорхой эмийн нэрийг шууд зааварчлахгүй, өвчний талаарх ерөнхий мэдээлэл, тусламж үйлчилгээг авахад шаардлагатай лавлагаа мэдээллээр хангана.
7.7.4. Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл болон үйлчлүүлэгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр танигдахуйц байдлаар олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр гаргахгүй байна.
Найм. Эмнэлгийн мэргэжилтний зан үйлийн хэм хэмжээ
8.1.Эмнэлгийн мэргэжилтэн өөрийнхөө авир төрх /темперамент/-дөө тохирсон мэргэшлийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг эрмэлзэнэ.
8.2.Эмнэлэгийн мэргэжилтэн мөрдөгдөж буй эрх зүй, ёс зүйн баримт бичгүүдийн заалтыг чанад баримтлан ажиллана.
8.3.Эмнэлгийн мэргэжилтэн эх хэлний боловсролоо байнга дээшлүүлэхийг эрмэлзэн хэл яриа бичгийн соёлыг эрхэмлэнэ.
8.4.Эмнэлгийн мэргэжилтэн өөрийгөө төлөвшүүлэх, иргэншүүлэхийн төлөө анхаарч, нийгэмд өөрийн байр суурийг олж, нийгмийн хэм хэмжээнд зохицон өөрийгөө авч явахыг өдөр тутмын амьдралдаа баримтална.
8.5.Эмнэлгийн мэргэжилтэн өөрийн гаргасан алдаа дутагдалыг хүлээн зөвшөөрч, бусдаас уучлалт гуйх чадварыг эзэмшинэ.
8.6.Эмнэлгийн мэргэжилтэн ёс суртахууны эгэл хэмжээ болох энгийн даруу, эелдэг эвсэг, туйлбартай, итгэлтэй, хүлээцтэй, уриалгахан байх зэрэг хэм хэмжээг эзэмшин амьдралын болон мэргэжлийн үйл ажиллагаандаа үлгэрлэн сахина.
8.7.Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрх, нэр төрийг хүндэтгэх, нийгмийн шударга ёсны төлөө тэмцэх, хувь хүний болон нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадвар, зохих хандлагыг эзэмшсэн байна.
8.8.Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний нэр төр, ур чадвар болон үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой мэдээллийг санамсаргүй байдлаар ч хөндлөнгийн хүнд болон олон нийтэд дэлгэн ярих, шүүмжлэн ярихгүй байна.
8.9. Үйлчлүүлэгч болон хамтран ажиллагсдыг хэл амаар доромжлох, гүтгэх, бүдүүлэг үг хэрэглэх, бэлгийн дарамтанд оруулахгүй байна.
8.10. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн дэргэд биеэ авч явах соёлыг эзэмшсэн байна.
8.11.Эмнэлгийн мэргэжилтэн нь ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргах, үйлчлүүлэгчид хүндэтгэлгүй хандах, хууран мэхлэх, залилахтай эвлэрэхгүй байхын зэрэгцээ эдгээр үйлдлээс өөрийгөө болон мэргэжил нэгтнээ сэргийлэн ажиллана.
Ес. Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны
ёс зүйн хэм хэмжээ
9.1.Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтан болсноор эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн үүрэг хариуцлага нь өөрчлөгдөхгүй.
9.2.Эрүүл мэндийн удирдах ажилтан нь иргэд, үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад нэн тэргүүнд анхаарч ажиллана.
9.3. Эрүүл мэндийн удирдах ажилтан нь хууль дээдлэн, улс төр, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний нэр төрийг өргөж үлгэрлэн манлайлж ажиллана.
9.4.Эрүүл мэндийн удирдах ажилтан нь давуу байдлаа ашиглан, албан тушаалын тодорхойлолтын хүрээнээс хэтэрч, эрүүл мэндийн ажилтны мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэхэд хөндлөнгөөс оролцохгүй, тулган шаардахгүй байх
9.5. Эрүүл мэндийн ажилтанд эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагын сургалт тогтмол зохион байгуулж, ярилцлага хийж, тэднийг ёс зүйн алдаа, тохиолдол гаргахаас сэргийлж ажиллана.
9.6. Эрүүл мэндийн удирдах ажилтан нь байгууллагын хэмжээнд ёc зүйн дүрмийг сурталчилах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, ёc зүйн хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
9.7. Үйлчлүүлэгчийг хүндэтгэх, нууцыг хамгаалах, ёс зүй, харилцааны зөрчил үүсэх үед ярилцаж ойлголцох, эвлэрүүлэх орчин нөхцөл бүрдүүлнэ.
9.8. Эрүүл мэндийн удирдах ажилтан нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай явуулахад байгууллагын төсөв, нөөцийг оновчтой хуваарилж, үр ашигтай зарцуулна.
9.9. Ёс зүйн асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэлэлцүүлэх ажлын орчныг бүрдүүлэх, байгууллагын соёлыг эрхэмлэсэн, эрүүл ажлын байрыг дэмжин ажиллана.
9.10.Эрүүл мэндийн удирдах ажилтан нь үйлчлүүлэгч эмнэлгийн мэргэжилтэнтэй ёc зүйгүй харилцах, бие махбодид нь халдах, айлган сүрдүүлснээс тусламж үйлчилгээг хэвийн явуулах боломжгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан мэргэжилтний хүсэлтийг хүлээн авч шалган, нэн даруй шийдвэрлэнэ.
9.11. Өөрт болон хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн үүрэг гүйцэтгэх, аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхгүй байна.
9.12. Эрүүл мэндийн удирдах ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ямар нэг улс төрийн намыг дэмжихгүй, сурталчлахгүй, улс төрийн нам, эвслийн нөлөөллөөс ангид байна.
----оОо---